Уг дуурийн үйл явдал 18-р зууны үед Испанийн Севилья хотод өрнөж буй.
Дүрүүд:
Альмавива, гүнтэн - тенор
Бартоло, эмч өвгөн, Розина бүсгүйн асран хамгаалагч - бас
Розина, түүний халамжинд өсдөг залуу бүсгүй - сопрано
Фигаро, үсчин - баритон
Дон Базилио, Розинагийн хөгжмийн багш - бас
Фиорелло, гүнтэний туслах, зарц - баритон
Амброжио болон Берта нар Бартологийн зарц нар - бас болон меццо-сопрано
1816 онд анх тавигдсан уг дуурийг Россини ердөө хорь хоногийн дотор бичсэн гэдэг. Анхны тавилтаараа олны дунд таашаагдаагүйн улмаас үзэгчид шүгэлдсээр гүйцэд тоглуулаагүй гэдэг.
Зохиомж: Севилийн гудамж. Бартологийн байшин. Шөнө дунд. Хайр дурлалдаа шатсан гүнтэн Альмавива хайрт бүсгүй Розинад зориулан серенад дуулна.
Хотын үсчин Фигаро хүн бүхний нууцыг андахгүй мэднэ. Тэрээр гүнтэн Альмавивад Розина үнэн хэрэгтээ хөгшин Бартоло эмчийн төрсөн охин биш, харин асран хамгаалагч нь бөгөөд удахгүй Розина бүсгүйг гэргийгээ болгон авснаар түүний инж болох асар их хөрөнгийн эзнээр суух гэж байгааг нь өгүүлж Альмавиваг цочирдуулна. Үүр цайхад тагтан дээрээ Розина гартаа захидал атган гарч ирэх боловч түүнийг алхам тутамд мөрдөх Бартоло өвгөн даган салгална. Альмавива арга сэдэн Бартологийн гэрт нэвтрэхэд үсчин Фигарогоос тусламж гуйна. хэзээний сэргэлэн, зальжин Фигаро түүнд туслан цэргийн хувцас авчруулна. Согтуу цэрэг болж жүжиглэн Альмавива Розинатай гэрт нь уулзана. Тэр хооронд мэдээж хэрэг Розинагийн хөгжмийн багш Базилио бүх үнэнийг мэдээд Бартоло өвгөний гэрт ирж таарна. Бөөн хэрэг мандана. баахан цэргүүд ирж мань хашир Альмавиваг айлын гэрт агсан согтуу тавьсан хэргээр баривчлахыг хүсэвч Альмавива нэрийн хуудсаа үзүүлснээр цэргүүд түүнийг тайван орхин одно. Нэр, албан тушаал бүхнийг шийддэг гэдгийг тэртээ 18-р зуунд бэлхэнээ мэдэж байжээ.
Альмавива хайр сэтгэлдээ хөтлөгдөн дахин өөр оролдлого хийж өвгөн Бартологийн гэрт хөгжмийн багшийн дүрээр нэвтэрнэ. Тэгээд өвгөний нүдийг хариулж байгаад аягүй хөөрхөн, Розинатайгаа бас хэд гурван хайрын үг солилцоод, нялуун харц шидэлцээд, гар марыг нь үнсээд авна.
Энэ мэтээр хөгшин хүнийг малласаар Альмавива нотартатчид зоос бүхий түрийвч атгуулан Розинатайгаа эгрлэлтээ батлуулаад авна. Харин инж болох их өв хөрөнгийг Бартолод үлдээж нинжин сэтгэл гаргадаг нь сайшаалтай.
"Севилийн үсчин" дуурь нь үйл явдал зохиомжоороо бус харин гайхамшигт хөгжмийн шийдлээрээ дэлхий даяар алдаршсан юм. Үнэхээр блог бичигч надад бол танхим дүүрэн үзэгчдийн алга ташилт, хөгжимчдийн маань уран чадвар гайхлыг төрүүлсэн билээ. Харин Розинагийн дүрийн дуучин болон Фигаро өөрөө уг дуурийн гол дүрийн нэгийн хувьд жаахан юм уншиж, судалж, тэрхүү дүрийн жүжиглэлтийг бас хангалттай гаргаж ирэх ёстой санагдлаа. Ер нь энэ дуурь хошин зохиомжоороо маш их жүжиглэлт шаарддагаараа онцлогтой юм шиг надад санагддаг. Хамгийн гайхалтай, сайн жүжиглэж байсан дүрүүд нь өвгөн Бартоло, Базилио болон зарц эмэгтэй Берта нар мөнөөс мөн юм. Зайлшгүй дурьдах ёстой зүйлийн нэг бол тайзны зураачдын бүтээл юм. Илүү дутуу нэг ч детальгүй, давтагдашгүй орчин үүсгэж чадсан нь үзэгдэл бүрийг бодит амьдрал шиг болгож чаджээ. Сураг сонсоход Монголын Урлагийн Гавьят Зүтгэлтэн тайзны зураачийн баг дуурийн театрын тайз засал, декорацийг гүйцэтгэдэг ажгуу. Цөвүүн цагт урлагтаа хүч хөдөлмөрөө зориулан чин үнэнчээр зүтгэж яваа Монголын дуурийн дуучдадаа талархлаа илэрхийлье.
Удахгүй хийсэн видео бичлэгээ хөрвүүлсний дараа оруулнаа. Одоохондоо энийг үзэж болно.
|
2016-03-17 -